УИХ-ын гишүүн Н.Учрал: Монголчуудад оюуны экспорт хийх боломж байна

Хамаарах огноо: 2016-10-17 16:03

УИХ-ын гишүүн Н.Учрал: Монголчуудад оюуны экспорт хийх боломж байна

УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын намрын чуулганы завсарлага өндөрлөж, гишүүд ажилдаа орлоо. Та бүхний өмнө нэн тэргүүнд ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах чухал ажил хүлээгдэж байна. Ер нь ирэх оны төсвийн төсөл хэр бодитой болсон гэж харж байна вэ? 

- Шинжлэх ухаан технологийн хөгжлийн өнөө үед төсвийн зарлагыг хэмнэхдээ ганц нэг зардлыг хасах замаар шийдэхэд хүндрэлтэй. Нэгэнт тогтоогоод мөрдөөд эхэлсэн нэмэлт зардал, хангамж, халамжийг бууруулахад заавал эсэргүүцэлтэй тулгарна.

Төсвийн зарлагын хэмнэлт гаргах гэвэл үр ашиггүй зардлыг хасахаас гадна бүтцийн чанартай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Татвар төлөгчдийн мөнгийг дураар зарцуулах бус норм, хэм хэмжээтэй байх ёстой. Ямар ч бүтээгдэхүүн өөрийн гэсэн норм стандарттай байдгийн адил төсвийн зарлага норм норматив дээр тогтдог гэдийг анхаарах ёстой.

Миний бодлоор энэ удаагийн төсөв зарим зүйл дээр үнэхээр хэцүүхэн байгаа. Маш жижигхэн жишээ дурдахад биеийн тамир уралдаан, тэмцээний зардалд 62 хүний орон тоотой байгууллага 10 сая төгрөг тусгасан байхад 526 хүний орон тоотой байгууллага 7.7 сая төгрөг тусгасан байсан.

Тиймээс цаашдаа төрийн албан хаагчдыг ажлаар нь ялгаварлахгүй байх, нормативыг зайлшгүй тогтоож өгөх нь нэн шаардлагатай юм байна гэдэг зүйл ажиглагдаж байгаа юм.

Эдийн засгийн нөхцөл байдал ийм амаргүй байгаа үед бид төсвийн захилга батыг сахих ёстой. Гэтэл зарим яам, агентлагууд дээр төсөв нь өсчихсөн байгаа. Мэдээж байгууллага болгон өөр өөрийн шалтгаанаар нэмэгдсэн байж болно. Гэхдээ ямар ч байсан бид төсвийн сахилга батыг баримтлахын тулд норм, нормативыг баримтлах шаардлагатай. 

-Тэвчиж болох зардлуудын тухай их ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

-Төсвийн тэнцлийг алдагдуулахгүй хэмнэлтийг хийж, шаардлагатай зүйл рүүгээ гүйлгэж болох олон асуудал байгаа. Тухайлбал, таван сая төгрөгөөс дээш сургалтын төлбөр авдаг ерөнхий боловсролын сургуулиуд манайд байдаг. Гэтэл эдгээр сургуулиуд яагаад улсаас хувьсах зардал аваад байгааг ойлгохгүй байгаа.

Хувьсах зардлын 60 хувийг олгоно гэсэн Засгийн газрын тогтоол байдаг. Гэхдээ манай улсад таван сая төгрөгөөс дээш сургалтын төлбөр авдаг найман дунд сургууль бий. Эдгээр сургуулиудад суралцаж байгаа хүүхдүүдэд олгох хувьсах зардалд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. 1.2 тэрбум төгрөг гэдэг чинь их мөнгө биз дээ.

Гэтэл нөгөө сургуулиуд таван сая төгрөгийн төлбөр аваад, орлого олоод, үйл ажиллагаагаа хангалттай явуулчихдаг хэр нь улсаас хувьсах зардал аваад байна. Энэ бол илүү зардал гэж харж байна. Тиймээс би Засгийн газарт албан ёсоор хүсэлтээ хүргүүлнэ. Орлоготой сургуульд өгөх хувьсах зардлын 1.2 тэрбум төгрөгийг багасгаад, өөр шаардлагатай зүйлд хөрөнгө оруулалт хийгээч гэдэг хүсэлтээ өгнө.

Мөн төрийн өмчийн их, дээд сургуулийн асуудал байна. Өнөөдөр төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөр авдаг. Түүгээрээ үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явдаг. Тэгсэн хэр нь 2017 оны төсвийн төсөлд тогтмол зардалд зориулан 6.7 тэрбум туссан байна. Яах вэ, Боловсролын тухай хуулиар төрийн өмчийн бүх шатны сургуулиудын тогтмол зардлыг улсаас санхүүжүүлнэ гээд заачихсан байдаг.

Засгийн газрын хийсэн нэг том дэвшилтэт ажил бол төсөв дөрвөн урсгалаар гарч байсныг нэг болгож чадсан явдал.

 
Гэхдээ энэ хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулж, 6.7 тэрбум төгрөгийг авах шаардлагатай. Учир нь бусад сургуулиуд өөрийнхөө төлбөрөөр санхүүжиж болоод байхад, яагаад төрийн сургуулиуд тогтмол зардлаа улсаас аваад төсөвт ачаалал үүсгээд байгаа юм бэ. Үүнийг болих ёстой гэдэг байр суурьтай байна.

Энэ мэтээр үр ашиггүй зарцуулалтуудыг хасч, төсвийн хэмнэлтийг хийх хэрэгтэй байна. Энэ удаагийн төсвийн зарлагыг нэмэгдүүлж огт болохгүй. Тиймээс төсвийн тэнцлийг алдагдуулахгүй нэгээс нөгөөд шилжүүлэх боломж бий.

Ер нь энэ Засгийн газрын хийсэн нэг том дэвшилтэт ажил бол төсөв дөрвөн урсгалаар гарч байсныг нэг болгож чадсан явдал. Одоо Монгол Улсын төсөв нэг урсгалаар гардаг нэг төсөвтэй болсон. 

-МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг гол зүйл нь гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын асуудлыг шийдвэрлэж, хүрэлцээг сайжруулахаар тусгаж өгсөн байсан. Гэтэл энэ удаагийн төсөвт сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт тусгагдаагүй байсан? 

-Төсөвт нэмэлт хөрөнгө оруулалт тусаагүй. Гэхдээ концессоор нэлээд олон сургууль, цэцэрлэгийн асуудал шийднэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн болон улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг бүгдийг нь хоёр ээлжтэй болгоно гэдгийг тусгаад өгчихсөн.

Тиймээс цаашдаа гурван ээлжтэй сургууль байхгүй болно гэсэн үг. Тухайлбал, миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа арван сургууль байна. Тэгвэл бид хоёр жилийн дотор эдгээр сургуулийг хоёр ээлжтэй болгоно. Тиймээс шинэ сургууль, цэцэрлэгүүдийг барина. Засгийн газрын хурлаар нэлээд олон сургууль, цэцэрлэгийг концессоор барихаар жагсаалт батлагдчихсан байгаа.

Манай дүүрэгт гурав, бүр дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ч сургууль бий. Тухайлбал, 62 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байгаа юм билээ. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд сургууль, цэцэрлэг огт байхгүй. Тиймээс энэ хорооны хүүхдүүд 62 дугаар сургуульд суралцаад ачааллыг нь өсгөчихдөг юм.

Тэгэхээр тус сургуулийн 450 хүүхэд суралцах боломжтой өргөтгөлийн байрыг энэ жил концессоор барина. Уг нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд концессоор сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэгдсэн юм билээ. Гэхдээ асуудал нь шүүх дээр маргаантай байгаа гэсэн.

Тиймээс би энэ асуудлын зангилааг нь тайлж, тус хороонд цогцолборын байрыг барихаар ажиллаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг судалж үзээд, концесст оруулахаар ажиллаж байна. Ганцхан газрын асуудал нь шийдэгдээгүй.

Тиймээс газар чөлөөлөлтийн асуудлыг дүүрэгтэй ярьж байгаад шийднэ. Энэ мэт асуудал шийдэгдчихвэл сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ боломжийн болно гэж харж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт хүүхдүүдийн 60 хувь нь манай дүүрэгт байдаг.

Тэгвэл дүүргийн асуудлыг шийдчихвэл улсын хэмжээний асуудал шийдэгдэнэ гэж хэлж болно. Ер нь хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас ээжүүд хүүхдүүдээ хараад, ажилгүй болдог. Тиймээс тухайн өрхийн орлого буурдаг. Монгол Улс түүхэндээ 2016 онд өрхийн орлого хоёр дахь удаагаа буурсан. Үүнд хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь цэцэрлэгийн асуудал болдог. Тиймээс ч энэ мэт асуудлыг яаралтай шийдэхээр ажиллаж байна. 

-Монгол Улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт хүүхдүүдийн 60 хувь гэхээр нэлээд том тоо байна. Уг нь сургууль цэцэрлэг баригдтал эцэг, эхчүүд хүүхдээ “Хүүхэд харах үйлчилгээ”- нд хамруулж эхэлсэн. Гэтэл энэхүү үйлчилгээг он гараад зогсооно гээд байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Хүүхэд харах үйлчилгээний хувьд дутагдалтай зүйл олон бий. Тухайлбал, байрны стандартыг нь тавьж өгөөгүйгээс болоод “Хүүхэд харах үйлчилгээ” нэрийн дор шаардлага хангахгүй хүйтэн, эрүүл ахуйн стандарт хангахгүй бохир орчинд хүүхэд харах үйлчилгээ явагдаад байсан.

Тиймээс үүнийг “Цалинтай ээж” хөтөлбөр болгон үргэлжлүүлэхээр болж байгаа. Өөрөөр хэлбэл, ээжүүд гэртээ урамшуулал аваад, хүүхдээ харах болж байна. Хүүхэд харах үйлчилгээ хэлбэр нь өөрчлөгдөөд ээжүүд өөрсдөө хүүхдээ хардаг болж байгаа гэсэн үг.

Түүнээс хүүхэд харах үйлчилгээ бүрэн цуцлагдаад, бид эхчүүдийг ажилгүй, орлогогүй орхиод байгаа зүйл огт биш. Засгийн газрын хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр суучихсан. Одоогийн байдлаар хэлэлцэгдээд явж байна. Тиймээс тун удахгүй хэрэгжээд эхэлнэ. 

-Эдийн засгийг сэргээхийн тулд эрх баригчид янз бүрээр л ажиллаж байх шиг байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д айлчилж, олон улсын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлыг хөндсөн. Энэ гарц мөн үү?

-Одоо 6.6 их наяд төгрөгийг бид зээлийн үйлчилгээний төлбөрт төлөх гэж байна. Энэ нь манай улсын төсвийн орлогыг давчихсан үзүүлэлт. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг шийднэ гэдэг бол бэрхшээлтэй л байна. Тиймээс ч Засгийн газар бүх л боломжит хувилбарыг судалж байгаа. Түүний нэг нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал юм.

“Стэнд бай” хөтөлбөрийн хувьд шалгуур их өндөр. Шалгуур өндөр байх тусам халамжийн бодлогоо аль болох цуцлах шаардлага тулгарна. Төсвийн сахилга бат хэт өндөр болж эхэлнэ. Энэ ч утгаараа ард иргэдийн нуруун дээр хэт их ачаалал ирэх магадлал байгаа. Гэхдээ давуу тал бас бий.

Тухайлбал, төсвийн сахилга баттай болно. Хариуцлагатай болж төсөв хэмнэгдэнэ, бага хүүтэй зээл олгох учир эдийн засаг богино хугацаанд сэргэчих боломжтой. Өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад манай улс эдийн засгийн өсөлтийг хурдан хугацаанд хийж чадаж байсан.

Цаанаас нь боломжийн шалгуур тавьчихвал “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад буруудах зүйл байхгүй. Харин шаардлага хэт өндөр байвал цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй байгаа энэ цаг үед ард иргэд хэрхэн амьдрах билээ гэдэг асуудал яригдах болно.

Тиймээс Засгийн газрын зүгээс шаардлагаа уян хатан тавих юм бол “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Өөр нэг арга нь өөрсдөө бонд босгох боломж байна. Энэ бол бас нэг хувилбар юм. Өөрөөр хэлбэл, бондын мөнгийг бондоор нь төлөх асуудал.

Тэгэхгүй бол төсвийн орлогоор зээлийн үйлчилгээний төлбөрийг төлнө гэж байхгүй. Тиймээс бондыг бондоор нь төлж байж, төсвийн орлогоо зөв зүйлд зарцуулах болно. Одоохондоо өөр арга зам байхгүй байна. Харин Монгол Улс төвийг захисан бодлоготой байх ёстой. Тиймээс нэг улс хэт их хэмжээний зээл, тусламж авах нь зохимжгүй. 

-Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газрыг хэр ажилласан гэж харж байгаа вэ? 

-Ард түмэн МАН-д яагаад итгэл хүлээлгэсэн бэ гэхээр намын мөрийн хөтөлбөрт итгэсэн. Тэгвэл намын мөрийн хөтөлбөрийн 97-98 хувь нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж чадсан. Тиймээс УИХ-ын гишүүд хэрэгжилтэд хяналт тавиад явах хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд эхэлсэн.

Тухайлбал, “Цалинтай ээж”, “Насны хишиг”, “Боловсролын зээлийн сан”, аж ахуйн нэгжүүдийн татварыг багасгах асуудал гээд олон зүйлийг хэрэгжүүлээд эхэлчихлээ. Гуравхан сарын хугацаа гэхэд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлнэ гэдэг бол маш том давуу тал юм. 

-Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт ААНОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Дөрвөн салбарыг онцлоод байгаа нь хэр зөв шийдвэр юм бэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт ААНОАТ-ыг нэг хувь болгох хуулийг оруулж ирснээрээ ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж үзээд байгаа. Гэтэл ажлын байр яг хэдээр нэмэгдэх вэ гэдэг тооцоолол алга.

Хоёр дахин нэмэгдэнэ гэж яриад байгаа ч нэг аюултай зүйл нь компаниуд жижиг болох асуудал хөндөгдөж байгаа. Барилгын материалын үйлдвэрлэлийг би хувьдаа дэмжихгүй байгаа. Учир нь Монгол Улсад арай гэж өсч байсан томоохон үйлдвэрүүд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой болохын тулд компаниудаа жижиглэх магадлалтай.

Тэгээд ч үйлдвэрүүд жижгирэх тусмаа чанаргүй болдог шүү дээ. Түүнчлэн газар тариалангийн хувьд улсаас маш их хэмжээний тусламж авдаг салбар. Тиймээс хөнгөлөлт эдэлж байгаа бол урамшуулал авдаггүй байх хэрэгтэй. Түүнээс хөнгөлөлт ч эдлээд, урамшуулал ч авдаг байж болохгүй.

Эдгээр салбарын оронд оюуны экспорт хийж байгаа салбаруудыг дэмжих хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн болон ашигтай загвар гаргаж байгаа мэдээлэл технологийн салбарыг дэмжиж чадвал монголчууд оюуны экспортыг хийж чадна. Тиймээс мэдээлэл технологийн салбарыг ААНОАТ-ыг хөнгөлөлтөд оруулах хэрэгтэй. 

-Орон нутгийн сонгуулийн өмнө сонгогчидтойгоо явж уулзсан байх. Иргэд “Насны хишиг” хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ? 

-“Насны хишиг” хөтөлбөрийг сая бид бүлэг дээр ярьсан. Энэхүү хөтөлбөрийн насыг наашлуулж 65 болгохоор яригдаж байна. Тиймээс насыг наашлуулахын зэрэгцээ ахмадуудыг ялгаварлаж, 300, 600 мянган төгрөг гэхгүйгээр нэг төвшинд барих санал гаргаад байна. Би Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд гишүүдтэйгээ нийлээд зарчмын зөрүүтэй санал гаргаад, дэмжигдээд байгаа.

Цаашдаа бусад гишүүд ч дэмжих байх гэж найдаж байна. Тиймээс 65-аас дээш настай ахмадуудад жилд хоёр удаа 100 мянган төгрөг өгч байхаар яригдаж байна. Насыг 65 гэж тогтоох гээд байгаагийн учир нь төрийн албанд ажиллах дээд нас 65 байдаг. Тиймээс 65 наснаас эхлээд ахмадуудад цагаан сараар, наадмаар хоёр удаа 100 мянган төгрөг өгчихвөл ахмадуудад нэлээд нэмэр болоод явна.

Гэхдээ нэг зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. “Насны хишиг” бол тэтгэвэр биш. Харин ахмадуудын тэтгэмж юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Төсөв дээр жаахан ачаалал үүсэх байх.

Гэхдээ төсвийн тэнцлээ алдагдахгүйгээр дотор нь гүйлгээд шийдэж болно гэж харж байгаа. Тойргийн сонгогчидтойгоо уулзаад явж байхад “Насны хишиг” хөтөлбөрийн насыг 65 болгож өгөөч гэдэг саналыг хамгийн их тавьж байсан. Тиймээс ч ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Байнгын хороон дээр уг асуудал дэмжигдсэн.

Үүсгэсэн: 2017-03-12 16:03

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..