УИХ-ын гишүүн Н.Учрал сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзав

Хамаарах огноо: 2016-08-15 16:16

УИХ-ын гишүүн Н.Учрал сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзав

УИХ-ын гишүүн Н.Учрал нийслэлийн дүүргүүд дэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2016.08.15/ уулзлаа. Тэрбээр Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд багш нар, тэр дундаа залуу багш нарт тулгарч буй асуудлын талаар ярилцан, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах асуудлаар санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбоо боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байгаа хэмээгээд энэ хүрээнд багш нарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах гарцыг бий болгоход энэхүү уулзалт түлхэц өгнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Дүүргүүдийн сургуулийн удирдлагууд залуу багш нарын нийгмийн асуудалд нэн түрүүн анхаарах шаардлагатай байгаа талаар ярьж байлаа. Багш нарын цалин бага, нийт багш нарын 80-85 хувь нь цалингийн зээлтэй аж. Багш нарт орон сууцны зээл авах боломж тааруу байдгийг уулзалтад оролцсон сургуулийн удирдлагууд хэлсэн. Түүнчлэн багш нарыг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтад хамруулах, гадны орны туршлагыг судлах боломжоор хангах, залуу багш нарын хандлагыг өөрчлөх асуудлыг ч сөхөн ярьсан юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас үүдэн нэг анги 28-35 сурагчтай хичээллэхээр заасан ч 50-60 сурагчтай хичээллэж байгаа талаар багш нар дурдаад нэг ангид хичээллэх хүүхдийн тоог хэтрүүлсэн асуудлаар захирлуудад арга хэмжээ авдаг хэмээсэн.
Түүнчлэн уулзалтын үеэр сургуулийн цайны газрын бүтээгдэхүүний чанар, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, багшийн үнэлэмж, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багш нарын ачааллын талаар хөндөн ярилцсан юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал багш нарын саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ уулзалтын үеэр хэлсэн. Уулзалтад Монголын залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Б.Сүхбаатар нар оролцлоо.

Үүсгэсэн: 2017-03-12 16:16

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..